Монгол улс хоёр дахь удаагаа Кэндогийн ДАШТ-д оролцох гэж байна. 2015 онд Токио хотод болсон Кэндогийн ДАШТ-д анх удаа 14 тамирчин оролцож байсан бол энэ удаа Инчёон хотод болох ДАШТ-ийг Монголын 13 тамирчин зорьлоо. Энэ жилийн ДАШТ есдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдах юм. Нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид явснаас зургаан эмэгтэй, долоон эрэгтэй тамирчин байгаа аж.

Манай тамирчид ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөх бөгөөд эрэгтэй ганцаарчилсан төрөлд Т.Чинзориг /дасгалжуулагч, багийн ахлагч/, Э.Уртнасан, Д.Чинбилэгт, Г.Наранболд өрсөлдөнө. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд М.Сарантуяа /багийн ахлагч/, Б.Уянга, Б.Мөнхзаяа, Б.Сарангэрэл нар оролцоно.

“Монголын Кэндогийн холбоо” 1996 онд байгуулагдаж байсан ч үйл ажиллагаа нь идэвхгүй байсан юм. 2008 онд “Монголын Кэндогийн холбоо” шинэчлэгдэн байгуулагдаж, үүнээс хойш үйл ажиллагаа нь эрчимжсэн.

Кэндогийн ДАШТ-д “Дэлхийн Кэндогийн холбоо”-ны гишүүн орнууд оролцох боломжтой. Одоогийн байдлаар Япон улс чансаагаараа тэргүүлж, Өмнөд Солонгос улс удаалдаг байна. Монголын баг тамирчиддаа амжилт хүсье.