Дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Кэндогийн Азийн бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцоод иржээ.

Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцсон 13 тамирчнаас Монголын Кэндогийн Холбооны дэргэдэх “Чикара Кэндо” клубийн ахлах тамирчин М.Сарантуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.

Ингэснээр олон улсын тэмцээнээс ганцаарчилсан төрөлд хүртсэн анхны медалийн эзэн болжээ.

Тус тэмцээний хувьд жилээс жилд оролцогчдын тоо, чанар нь өсөж буй томоохон тэмцээн бөгөөд энэ жил найман орны 300 гаран тамирчин өрсөлдсөн.

Мөн тэмцээнд оролцсон “Оргил Кэндо” клубын Г.Уранбилэг, Ш.Нямсүрэн, “Чикара Кэндо” клубын Ч.Үжин нар 300 гаран тамирчдаас онцгойрч “Дайчин тамирчин” шагналыг хүртсэн гээд улсаа төлөөлөн оролцсон тамирчид амжилт дүүрэн иржээ.