Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кэндогийн Монгол Улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн бямба гарагт Этүгэн дээд сургуулийн байранд болж, шилдгүүдээ тодрууллаа.

Анх Р.Батдорж 1994 онд “Улаанбаатар” клубыг байгуулснаар Монголд кэндогийн спорт үүссэн түүхтэй бөгөөд өнөөдөр нийт долоон клубын 200 тамирчин энэ спортоор хичээллэж байна. Кэндо нь бие сэтгэлээ хөгжүүлж, өөрөө өөрийгөө ялан дийлэх тулааны урлагаас гадна харилцан бэртэл гэмтэл учруулахгүйгээр зөв техник аргачлалыг сэтгэхүйтэй уялдуулан хөгжүүлэх, хувь хүний ёс суртахуун, эрдэм мэдлэг, итгэл үнэмшлийг бий болгох ач холбогдолтой.

Энэ удаагийн УАШТ-д нийт дөрвөн төрөлд 70 орчим тамирчин хурд, хүчээ сорьсон байна. 2018 оны дэлхийн кэндогийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаа гэдгээрээ 14 дэх удаагийн УАШТ онцлогтой боллоо.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Э.Уртнасан /Монгол кэндо клуб/, Эмэгтэй ганцаарчилсан төрөлд М.Сарантуяа /Чикара клуб/, Хүүхдийн төрөл /12-оос доош насны ганцаарчилсан/ Т.Төгстөмөр /Чикара клуб/, хүүхдийн төрөл /13-16 насны эрэгтэй ганцаарчилсан төрөл/ Н.Буянбилэг /Чикара клуб/, 45-аас дээш насанд Д.Ганзориг, /Чоно клуб/ тус тус алтан медаль хүртэв.