Бидний тухай

Монгол улсад анх кэндогийн дасгал сургуулилт 1994 онд явуулж байсан гэж үздэг. Тухайн үед кэндог сонирхон хичээллэж байсан хүмүүсийн дундаас өнөөг хүртэл хичээллэж байгаа хүмүүс цөөнгүй байна. Монголд тогтвор суурьтайгаар хөгжих болсон нь 1999 оноос эхлэлтэй.

Улаанбаатар хотноо 1999 оны 5 сард Онода “кэндогийн 7-р дан” , ЦЕГ-ын дарга Уугангэрэл, кино найруулагч Монголын Поло Клубын тэргүүн Жумдаан, Батжаргал зэрэг хүмүүс Монголын Кэндогийн Холбоо-г үүсгэн байгуулж тус оны 10-р сард Үмэмүра Тошихико багшийг Японоос урин авчирч ЦЕГ-т кэндогийн анхны хичээлээ явуулж эхэлсэн.

Кэндод хэрэгцээтэй хэрэгсэлийг Үмэмүра, Онода нарын санаачлагаар 1999 оны 10 сар 18-нд авчирч төмөр замын биеийн тамирын зааланд анхны бэлтгэлээ хийж эхэлжээ. Анхны бэлтгэлд нийт долоон цагдаагийн ажилтан хамрагдсан байна.

2001 оны 6 сард Үмэмүра “7-р дан”, “Кибота 6-р дан”-тай багш нарын удирдлагаар Улаанбаатарын 6 цагдаагийн ажилтны хамт Дархан хотын цагдаагийн газар бэлтгэл сургалт явуулж эхэлсэн. Мөн энгийн иргэдэд сургалт явуулах “ Улаанбаатар Кэндо Клуб” үйл ажиллагаа эхэлсэн.

Мөн 2003 оны 7-р сард Сато Соомэй багш “7-р дан”, Үмэмүра багш нарын бүрэлдэхүүнтэй хоёр шүүгч анх удаа зэрэг дэвших шалгалт авсан. Шалгаралтанд долоон цагдаагийн ажилтан, арван энгийн иргэд хамрагдсан ба 1-р данд 4 хүн, 1-р кюүд 2 хүн, 2-р кюүд 4 хүн, 3-р кюүд 6 хүн тус тус шалгарсан байна. Мөн тус оны 11 сарын 14-ны өдөр улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд тус оноос хойш зэрэг цолны шалгалт болон улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдсаар ирсэн.

2006 оны 6 сарын 22-нд Монгол улсад анх удаа Олон Улсын Кэндогийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүд, багш нар ирж олон улсын зэрэг цолны шалгалт явуулж, Япон улсын элчин сайд өөрийн биеэр оролцсон нь монголын кэндогийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тус шалгалтанд монголын 9 тамирчин олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дан-гийн зэрэг цолтой болсон бөгөөд 2008 оны 6-р сард зохиогдсон хоёр дахь удаагийн шалгалтанд дөрвөн тамирчин Олон улсын кэндо-гийн 3-р дантай болсон байна. Ийнхүү жил ирэх бүр тамирчдын ур чадвар нэмэгдэн улсад өрсөлдөхүйц түвшинд хүрч байгаа нь монгол улсад кэндо хөгжих бүрэн бололцоо байгааг илтгэж байгаа хэрэг билээ.